Энэ долоо хоногийн дундаас хүйтний эрч чангарч, зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Энэ долоо хоногийн дундаас хүйтний эрч чангарч, зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Харин энэ долоо хоногийн дундаас хүйтний эрч чангарна.

Нэгдүгээр сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи энэ сарын 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.