Я.Содбаатар: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг гишүүд, иргэдийн саналд тулгуурлан тодруулна

Я.Содбаатар: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг гишүүд, иргэдийн саналд тулгуурлан тодруулна

Монгол Ардын Нам (МАН)-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын анхан шатны байгууллага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд үндэслэн тодруулахаар төлөвлөж байна.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тус намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнд илтгэл тавих үеэрээ танилцуулжээ. Тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүлээлт, рейтингийн судалгаа хийж, намын анхан шатны байгууллага болон дэргэдэх байгууллагуудаас санал авах замаар нэр дэвшигчийг тодруулах зарчмыг танилцуулсан байна. Мөн МАН-ын гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчилж, давхардсан болон хуучирсан мэдээллийг цэгцэлснээр 304 мянган бодит бүртгэлтэй гишүүнтэй болсон гэдгийг онцолжээ. Түүнчлэн “Ардын нам ард түмэндээ” аяны хүрээнд 22,385 гишүүн, дэмжигчтэй уулзаж, нийт 653 санал, хүсэлт хүлээн авсан байна. Уулзалтаар орон нутаг дахь ажлын байр, багш, эмчийн хомсдол, тэтгэврийн асуудал болон намын дотоод эв нэгдэлтэй холбоотой асуудлууд хамгийн олон хөндөгджээ.

Энэ үеэр Я.Содбаатар намын дотоод талцлыг зогсоох, анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах байдлыг сайжруулах, иргэдийн санал хүсэлтэд эргэх холбоотой ажиллах шаардлагатайг тэмдэглэсэн байна. Түүнчлэн 2028 оны сонгуулийн бэлтгэлийн хүрээнд бүх шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн оролцоог нэмэгдүүлж, 3,800-4,000 эмэгтэй нэр дэвшигчийн нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ. Зүүн болон Говийн бүсийн долоон аймгийн намын гишүүдийн идэвх, сонгогчдын дэмжлэг, иргэдийн хүлээлт харилцан адилгүй байгааг судалгааны дүн харуулсан тул аймаг бүр өөрийн онцлогт тохирсон ажлын төлөвлөгөө боловсруулах шаардлагатайг мөн онцолсон байна.