NVIDIA-ийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

NVIDIA-ийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

АНУ-ын чип үйлдвэрлэгч NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ. Энэ нь түүнийг БНХАУ-ын талд мэдээлэл дамжуулдаг байсан гэх хятад эмэгтэйтэй дотно харилцаатай байсан тухай хэвлэлээр гарсан мэдээлэлтэй холбоотой юм.

Жэнсэн Хуан ням гарагт ажилтнууддаа илгээсэн мэдэгдэлдээ эхнэртээ үнэнч байж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээхээ илэрхийлжээ. Харин NVIDIA компанийн зүгээс түүнийг компанийн удирдлагыг хэвийн үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд бүрэн төвлөрч байгааг мэдэгдсэн байна.

"The New York Times" сонин өнгөрсөн сард Жэнсэн Хуан Сингапурт төвтэй Megaspeed компанийн удирдах албан тушаал хашиж байсан, өөртэй нь ямар нэгэн хамааралгүй Алис Хуан гэх эмэгтэйтэй дотно харилцаатай байсан талаар мэдээлжээ. АНУ-ын эрх баригчид уг эмэгтэйг шалгаж, БНХАУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой этгээд гэж дүгнэсэн гэх мэдээлэл гарсан байна. Түүнчлэн Megaspeed компани NVIDIA-аас хиймэл оюуны чип худалдан авдаг бөгөөд АНУ-ын эрх баригчид уг компанийг Хятадад экспортлохыг хориглосон дэвшилтэт чипүүдэд Бээжингийн тал нэвтрэх боломж олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байжээ.

NVIDIA-гийн ТУЗ-өөс гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хараат бус захирлууд болон хөндлөнгийн хуулийн зөвлөхүүдээс бүрдсэн баг шалгалтыг удирдан явуулах аж. Компанийн зүгээс одоогоор АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон NVIDIA-ийн нууц мэдээлэл алдагдсан гэж үзэх үндэслэл байхгүй ч холбогдох бүх мэдээллийг шалгана гэдгээ мэдэгджээ. Жэнсэн Хуан ч шалгалтыг дэмжиж, бүрэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ асуудлаар Жэнсэн Хуантай ярилцаагүй гэдгээ хэлсэн ч түүнийг сайн хүн, нэр хүндтэй нэгэн хэмээн тодорхойлжээ. Мөн тагнуулын мэдээллийг хүлээн авсан атлаа арга хэмжээ аваагүй гэх асуултад Трамп түүнийг хүндэтгэж явдгаа илэрхийлж, нөхцөл байдлыг нь сонсох хэрэгтэй гэсэн байна.

"The New York Times" сонины мэдээлснээр, Трамп уг тагнуулын мэдээллийн талаар ойролцоогоор нэг жилийн өмнө танилцсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй аж. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Жэнсэн Хуан мэдэгдэлдээ NVIDIA-г хамгаалах, АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг дэмжих үүрэг хүлээж байгаагаа онцолжээ. Харин Megaspeed компани Reuters агентлагийн тайлбар авах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.

NVIDIA-ИЙН ХУВЬЦААНД ДАРАМТ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ

Энэхүү шалгалт нь хиймэл оюуны зах зээлийн өсөлт тогтвортой үргэлжлэх эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж, NVIDIA-ийн хувьцааны ханш аль хэдийн мэдэгдэхүйц буураад байгаа үед эхэлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Жэнсэн Хуаны удирдах албан тушаалтай холбоотой тодорхойгүй байдал нь компанийн хувьцаанд нэмэлт дарамт учруулж болзошгүй. Тэрбээр NVIDIA-г үүсгэн байгуулснаас хойш 30 гаруй жилийн турш удирдаж, тус компанийг хиймэл оюуны чипийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болоход гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Мөн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын голлох гишүүд Жэнсэн Хуаныг энэ сарын 18-нд хаалттай хуралдаанд оролцож, дээрх мэдээлэл болон компанийн аюулгүй байдлын бодлогын талаар тайлбар өгөхийг хүсээд байна. Энэ нь Хятадын тал АНУ-ын дэвшилтэт технологи, мэдээлэлд нэвтрэх боломжтой болсон эсэхтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудал хэмээн хууль тогтоогчид үзжээ. АНУ 2022 оноос эхлэн NVIDIA-ийн дэвшилтэт чипүүд болон тэдгээрийг үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятад руу экспортлохыг хязгаарласан юм.

Эх сурвалж: Reuters, The New York Times