Монголын үндэсний фронтынхон Б.Баярмагнайг хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ томиллоо

Монголын үндэсний фронтынхон Б.Баярмагнайг хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ томиллоо

Монголын Үндэсний фронт /МҮФ/ хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮФ-ын Удирдах зөвлөл хуралдаж шинэ тэргүүнээрээ олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгож, хошууч генерал Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг албан ёсоор фронтоос хөөж байгааг мэдэгдлээ.

Монголын Үндэсний фронтын дэд тэргүүн Батсайхан хэлэхдээ “МҮФ-ыг байгуулах үеэр генерал Б.Баярмагнай, З.Болбаатар нарын 11 хүн андгай тангараг өргөсөн. Өнөөгийн эрх баригчидтай тэмцэж, Засгийн эрхийг Монголын ард түмэнд авч өгнө гэж андгайлсан.

Гэтэл энэ хоёр генерал фронтоо орхилоо. Тиймээс бид Удирдах зөвлөлийн хурлаа хийж энэ хоёр генералыг Монголын Үндэсний фронтоос хөөж байна. Ийм урвагчид эх орныг авч явах, Монголын төлөө зүтгэх нүүргүй болсон. Монголчууд урвагч нарт үнэхээр дургүй. Энэ хоёр генерал нэгдсэн ард түмнээ хаяад явсан. Генерал хүн хэзээ ч фронтоо орхидоггүй, тулааны талбараас зугтдаггүй. Тиймээс генерал Б.Баярмагнай, З.Болбаатар нарыг фронтоос хөөж байна. Харин фронтыг тараах эсэхийг Монголын ард түмэн өөрсдөө шийднэ” гэлээ.

МҮФ-ын шинэ тэргүүн Ш.Гантулга энэ үеэр “Монголын Үндэсний фронт задарч, тарж байна гэх яриа гараад байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй, худлаа мэдээлэл гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Бид анхнаасаа Монголын төрд бугшиж, төрийн эрх ямбаны ард нуугдсан улстөрчдийг Засгийн газрын ордноос хөөж гарган засгийн эрхийг ард түмний гарт өгөх нэг зорилгын төлөө манлайлан тэмцэж, дайны тэргүүн эгнээнд тулалдах тангараг өргөсөн учраас фронт гэж нэрлэсэн. Харамсалтай нь МҮФ-ын тэргүүн асан, генерал Б.Баярмагнай цэргийн хүнд байж болшгүй үйлдэл гарган өргөсөн тангаргаасаа няцаж, тулалдааны талбарт цэргүүдээ орхиод зугтлаа. Үндсэндээ манай удирдах зөвлөл өнгөрөгч бямба гаригт хуралдаж бидний зүгээс энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулсан “Эх орон дуудаж байна” жагсаалын үр дүн хангалтгүй гэж үзсэн. Тиймээс үүний хариуцлагыг тэргүүн хувиар Б.Баярмагнай хүлээх ёстой гэхэд өөрийгөө хаацайлж бидний дунд үл ойлголцол үүссэн. Үүний дараа тэрээр үүрэг хариуцлагаас зугтаж, тэргүүний тамга тэмдгээ бидэнд шилжүүлэн өгч МҮФ-ыг орхилоо. Түүний дараа удирдах зөвлөлийн гишүүн асан, хошууч генерал З.Болдбаатар үзэл бодол нийлэхгүй байна гэх шалтгаанаар гарах болсноо дуулгасан. Үлдсэн бидний хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж тэмцлээ үргэлжлүүлнэ. Тиймээс бидний зүгээс энэ сарын 15-ны өдөр зарласан жагсаал цуглаан товлосон ёсоор хэвээр үргэлжлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна” гэсэн юм.