УБТЗ-ын албан тушаалтны хэргийг Эрүүгийн шинэ хуулиар шийдэх эсэх асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэгдсэн хууль нь ердийн горимоор буюу сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа үйлчилнэ. Ерөнхий сайд намайг дуудаж үүрэг, чиглэл өгсөн. Хууль хүчин төгөлдөр болох хоёр үндсэн арга бий.
- Нэгдүгээрт, 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилнэ хэмээн үйлчлэлээ зааж хууль баталдаг.
- Хоёрдугаарт, хоригийн хугацааг дуусгаад "Төрийн мэдээлэл" сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хууль үйлчилдэг.
УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтантай холбоотой эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хууль эрхзүйн боломж байхгүй. Үйлдэл нь хэдийд эхлээд дууссаныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох учиртай. Гэмт хэргийн олонлог гэж ойлголт байдаг. Үргэлжилсэн, удааширсан, давтан, нийлмэл, нэгдмэл гэмт хэрэг гэж байдаг. Тэгэхээр иргэн Б-тэй холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь эдгээрийн аль хэлбэрт орохыг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Гэмт хэргийн хамгийн сүүлийн дууссан үйлдлээр тооцоод, Эрүүгийн хууль аль нь хүчин төгөлдөр байсанд хамаатуулан зүйлчилнэ. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг. Процессын хэм хэмжээний тухайд буцаж хэрэглэхгүй. Уг хэргийг анх цагдаагийн байгууллага илрүүлсэн" гэв.