Андуурч сүрьеэгийн вакцин хийлгэсэн иргэд 20 хоногийн хугацаанд долоон нохойд хазуулжээ

Андуурч сүрьеэгийн вакцин хийлгэсэн иргэд 20 хоногийн хугацаанд долоон нохойд хазуулжээ

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин хийсэн асуудал гарсан. Тус иргэдийг долоон нохой хазсан гэх бөгөөд нохойнуудыг устгалд оруулж, тархинаас давтан шинжилгээ авахад аль алинд нь галзуу өвчнийг үүсгэгч вирус илрээгүй байна. Тиймээс тус иргэдэд нэмж галзуугийн вакцин хийх шаардлагагүй гэж үзжээ.

Одоогоор иргэдийн биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд ЭМЯ болон бусад байгууллагын зөвлөмжийн дагуу иргэдийг Улаанбаатар хотод давтан нарийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Иргэдийг хазсан нохойнуудын тухайд нэгээс бусад нь эзэнтэй нохой байсан учир нохойны эзэнд хариуцлага тооцох юм байна.

Сануулахад, Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд есөн иргэн нохойд хазуулсан гэх үндэслэлээр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж, эрүүл мэндийн анхан шатны тусламж авч, вакцин хийлгэсэн байна. Энэ үеэр ЭМБ-ын ажилчид алдаа гаргаж тухайн иргэдэд сүрьеэгийн вакциныг өндөр тунгаар тарьсан. Уг хэрэгтэй холбоотой зарим албан хаагчдад хариуцлага тооцож, шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.