Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв. 

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар зохицуулсныг хүчингүй болгож, төсөвт ирж болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. 

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар нийт сумыг шилэн кабелиар өндөр хурдны интернэтэд холбох ажлыг гүйцэтгэх шаардлагатайг сануулав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Байнгын хорооны даргаас зарим асуудлыг тодруулав. Ингээд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заажээ. Энэ дагуу Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулсан байна. Б.Чойжилсүрэн даргын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.