Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2023.01.17/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2022 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 2021 оны мөн үеэс 13.2 хувь, өмнөх сараас нэг хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, хувцас, бүс бараа, гутал 18.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 15.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 17.4 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны арваннэгдүгээр сараас нэг хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус 1.9 хувь, согтууруулах ундаа, тамхи 0.6 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн инфляцад голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 24.5 хувийг эзэлж байгаа юм.
М.Ариунаа