Амбаа, ажаа, гөеө, агаруу, тунхуу, баруунчаа зүүнчээ, уржнан энэ бол Дарьганга нутгийн үг хэллэг. Монголчуудын нэрлэж заншнаар Дарьганга аялга. Нутгийн иргэдээс өөр хүн барагтай л ойлгодоггүй энэ мэт үг хэллэгийг одоо ч Сүхбаатарынхан яриандаа ашигладаг. Харин шинэ залуу үеийнхэн, хүүхэд багачууд ойлгох нь ховор. Иймд мартагдаад байгаа соёлоо хүүхэлдэйн киногоор дамжуулан хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.
Тодруулбал, тэд бүрэн хэмжээний 10 ангит 2D анимейшнийг бүтээж байна. Сониуч хүүгийн адал явдал нэртэй уг бүтээл нь орон нутгийн онцлог, мартагдаж буй өв соёлыг агуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл хүүхэлдэйн киноны үг хэллэг, яриа бүгд дээр дурдсан Дарьганга аялгаас бүтсэн байна. Хүүхэд бүхэн тэр дундаа бага насны хүүхдүүд маш сониуч байдаг. Монгол ахуй амьдрал, орчин нөхцөл бусад орноос шал өөр. Тиймээс нүүдэлчин удмын тэр дундаа Дарьганга угсаатны хүүхдүүд яаж орчлон ертөнцтэй танилцдаг, хэрхэн өсөж хүмүүждэг, орчин тойрондоо хэрхэн дасан зохицдог юм бэ гэдгийг уг бүтээлээрээ харуулахыг зорьжээ.
Уг киног МУГТ Ш.Чулуунбор зохиолыг нь бичиж, нутгийн чөлөөт уран бүтээлч залуус дүрийг бүтээх, дуу оруулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
"Дарьгангачууд бол монгол угсаатан. Гэхдээ тусгай ястан биш. Манж хааны сүрэгчид гэж нэрлэгдэн Монголчуудаас 200-аад жил тусгаарлагдаж амьдарсан ард түмэн. Энэ бүрэлдэхүүнд Халхчуудаас гадна Ойрд, Барга, Үзэмчин, Цахар, Авга нутгаас ирсэн хүмүүс багтан Манж хааны таван гар сүргийг хариулж байсан. Энэ олон жилийн явцад эдгээр Монгол аялгууд хоорондоо уусаж өөр нэг өвөрмц аялга бий болсон нь Дарьганга аялга. Энэ бол монгол хэлний бас нэгэн өвөрмөц сонин аялга байгаа юм. Энэ аялгыг зүүн халхчууд гадарлах боловч бусад монголчууд бараг мэддэггүй. Тиймээс хүүхэд багачууд маань үүнийг мэдэж байх нь зөв гэж бодон зохиолдоо Дарьганга үг аялгыг түлхүү оруулахыг хичээсэн. Ингэхдээ уран зохиолын аргаар ойлгуулахыг зорьсон" хэмээн МУГБ Ш.Чулуунбор ярилаа.