ШУУРХАЙ: Хилээр нэвтрэх автомашиныг дараалалгүй болгосны улмаас долоон машин мөргөлдөж, жолооч нар гэмтжээ

ШУУРХАЙ: Хилээр нэвтрэх автомашиныг дараалалгүй болгосны улмаас долоон машин мөргөлдөж, жолооч нар гэмтжээ

Замын-Үүдээс Эрээн рүү орох автомашины нэвтрэх журамд өөрчлөлт орсны улмаас өчигдөр /2023.01.17/ 22:30 цагийн үед тус бүсэд зам тээврийн ноцтой осол гарч олон хүн гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирчээ.

Бид энэ талаар Замын-Үүд эрээн боомтын ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын ажилтнаас тодруулахад, "Авто тээврийн газраас өчигдөр орой хилээр гарах автомашинуудыг дараалалгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Хуучин бүгд шороон замаар дараалал үүсгэж ээлжээр ордог байсан.

Шинэчлэгдсэн журмаас үүдэж хил орчимд эмх замбараагүй байдал үүсээд байна. Үүнээс үүдэж өчигдөр /2023.01.17/ орой зам тээврийн ноцтой осол гарлаа.

Тухайлбал, хил нэвтрэхээр нэгнээсээ өрсөн явж байсан ачааны автомашин дараалал дайрч орохоор явж байсан суудлын машинуудтай мөргөлдөж осол гаргасан. Улмаар хоёр том оврын ачааны машин, таван жижиг оврын суудлын машин мөргөлдөж, гэмтсэн жолооч нарыг яаралтай тусламж шуурхай авч явсан. Гэмтсэн хүний тоо одоогоор тодорхойгүй байна. Амиа алдсан хүн байхгүй" гэлээ.