Цасан шуурганд уруудсан 9700 бод малыг эздэд нь хүлээлгэн өгчээ

Цасан шуурганд уруудсан 9700 бод малыг эздэд нь хүлээлгэн өгчээ

Цаг агаарын хүндрэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас улсын хилд ойртон бэлчээрлэж байсан 9700 тооны бодыг Сүхбаатар аймгийн хилчид эздэд нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилчид Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран, Дарьганга сумдын Засаг даргын тамгын газар, тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтран  өвөлжилт хүндэрсэн, цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн үед цасан шуурганд уруудсан малын эрэлд явж буй Дорноговь, Хэнтий , Сүхбаатар аймгийн малчдад туслах, хууль сурталчлах  “Зурвас-23” хилийн хамтарсан ажиллагааг явууллаа. Тус ажиллагаагаар ард иргэдэд цаг уурын хүндрэлтэй нөхцөлд эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргэх, хариулгагүй мал улсын хилд тулах, давахаас урьдчилан сэргийлэх, хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулах зэрэг зөвлөмж танилцуулгыг хийлээ.

Хилийн хамтарсан ажиллагааны үед улсын хилийн зурвас 12 хэсэг газарт 9700 тооны бод мал цаг агаарын хүндрэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас улсын хилд ойртон бэлчээрлэж байсныг илрүүлэн нутгийн гүн рүү татаж, эзэн холбогдогчдыг тогтоон бүртгэлжүүлэх, малыг хүлээлгэн өгөх, ард иргэдэд учирч болох онц их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэн ажиллаа.