"Шүүх хуралдаан даргалагч шүүгчийг хэрэгт хувийн сонирхолтой" гэх үндэслэлээр Ц.Хулангийн цагдан хорих хурал хойшилжээ

"Шүүх хуралдаан даргалагч шүүгчийг хэрэгт хувийн сонирхолтой" гэх үндэслэлээр Ц.Хулангийн цагдан хорих хурал хойшилжээ

Х.Баттулгын зөвлөх асан, яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас 48 цагийн хугацаатай хойшлуулашгүйгээр саатуулсан бөгөөд прокурорын байгууллагаас түүнийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан.

Харин яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа “...Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч шүүгчийг өөрөө шууд эсхүл шууд бусаар тухайн хэрэгт хувийн сонирхолтой...” гэх үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасан. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлыг хойшлуулжээ.

Ц.ХУЛАНД ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛАХ ПРОКУРОРЫН САНАЛЫН ТУХАЙ

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг мөн өдөр товлон зарласан боловч яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан буюу “...Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч шүүгчийг өөрөө шууд эсхүл шууд бусаар тухайн хэрэгт хувийн сонирхолтой...” гэх үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасан.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан татгалзлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар яллагдагч Ц.Хуланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.