Энхийг сахиулагчдад Төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардууллаа

Энхийг сахиулагчдад Төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардууллаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс болон энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцож эхэлснээс хойш өдгөө давхардсан тоогоор 21000 орчим цэргийн алба хаагч, түүний дотор 1000 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Манай улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн алба хаагчид 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд одоогоор 11 ээлжийн цэргийн багт 9500 гаруй энхийг сахиулагч үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн багийн бүрэлдэхүүнд албан үүргээ үлгэр жишээ гүйцэтгэсэн дэд хурандаа Н.Гэрэлбадрах, хошууч А.Баясгалан, ахмад Б.Тэмүүжин, ахлах дэслэгч У.Гандугар, ахлах ахлагч О.Даваадулам, ахлагч О.Нямжав, Б.Гүрбадам, Б.Хишигсүрэн, дэд ахлагч З.Мөнхбаяр нарын олон офицер, ахлагч нарт төрийн одон, медаль хүртээсэн юм.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын тушаалаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цаг агаарын, үер усны гамшиг болон цагийн байдлын хүнд нөхцөлд албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад Батлан хамгаалах салбарын шагналыг гардуулж баяр хүргэлээ.