Тавантолгой түлш компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ болон түүний түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторитой болжээ.
Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн төв лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Гео аналитикийн лаборатори, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын лаборатори зэрэг хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа шинжилгээ хийлгэдэг байсан бол өөрийн лабораторитой болсноор өдөр тутам шинжилгээ, технологийн туршилт хийх боломжтой болж байна. Шинээр байгуулсан лабораторид нүүрсний техникийн (дэгдэмхий, хүхэр, үнслэг, чийглэг, илчлэг, бат бөх чанар) ба элементийн (нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүхэр) шинжилгээ, барьцалдуулагч материалын наалдамхай чанар, хагас коксжуулалтын коксын, давирхай, хийн гарцыг тодорхойлох Фишерийн реторт, баяжуулалтын шинжилгээ, зуухны туршилт шинжилгээ зэрэг шинжилгээ хийгдэх аж.