Арвандолоодугаар жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны талаар зурхайч З.Санждорж өнөөдөр /2023.02.15/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Арвандолоодугаар жарны үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жил морилон ирж байна. Энэ жилийн ерөнхий төлөв нь уламжлалт зурхайн судар номд “Ард түмэн өлсөх, цангах зүйлгүй өег, цатгалан, элдэв төрлийн халдварт өвчингүй, бие мах бодь нь зовлон алжаалгүй, сэтгэл амар амгалан сайхан жил болно. Хаан ноёд хууль цаазаа ёсчлон сахиж чадваас түмэн олон ард иргэд аз жаргалтай, баяр цэнгэл наадмаар бялхаж, дуу хуур, хөгжим эгшиг аялгуу цуурайтсан дэлгэр сайхан жил гарна” хэмээн айлдсан байна. Нийт хүн ардын хувьд “Өндөр настай хүнд ээлтэй жил, идэр залуучуудад ердийн хэвийн, хүүхэд багачуудад хатуу ширүүн байх магадлалтай, нийгмийн амьдралд зөрчил маргаан ихтэй, залуучуудын нийгмийн оролцоо сайжран, улс төрийн тэмцэл хурцадмал, сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхэжнэ, төрийн хууль цааз чангарч, үндсэн хуульд өөрчлөлт орох магадлалтай” ажээ. Туулай жилийн онцлог нь “Урьд өмнө нь гарч байсан туулай жилийн түүхэн үйл явдал давтагдах шинжтэй. Бурхан шашны шинэчлэл томоохон үйл явдал болно. Уламжлалт түүх соёлын томоохон амжилт гарна. Дэлхийд алдартай зочин ирж аялал жуулчлалын үйл ажиллагаанд амжилт гарна. Хууль бус үйл ажиллагаа ил болж томоохон хэргүүд эцэслэн шийдвэрлэгдэнэ. Улс орны эдийн засаг сэргэж ашиг орлого нэмэгдэнэ” хэмээлээ.