МҮЭ-ийн холбоо Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл нь ялгавартай байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, "МҮХ ерөнхий зөвлөлийн хурлаар нийгэм, улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байр сууриа нэгтгэж олон нийтэд хүргэж байна. Нийгмийн баялгийг шударгаар үнэлэх, монголд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлс маш бага байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Учир нь хэлэлцүүлгийн санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг судалгаа гарсан. ЗГ, УИХ уг судалгаанд "ойлгомжтой асуудал" гэх өнцгөөс хандаж болохгүй. Монголын хөдөлмөрийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэх шаардлагыг МҮХ-оос өгч байна.
Мөн байрны үнэ сар бүр өсөж залуус ажиллаж олсон мөнгөөрөө байр авна гэдэг мөрөөдөл улам холдож байна. Нэг жишээ дурдвал, 10 гаруй жил ажиллаж 50 сая төгрөг цуглуулсан залуу нэг өрөө байр авах гэсэн боловч 50 метр/кв байрны үнэ 50 саяар нэмэгдсэн байгаа юм. Тиймээс ЗГ-аас бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар ханган гэдэг бодлогынхоо үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван сарын дотор дахин шинэчлэх боломжтой. Үүнд МҮЭ-ийн холбоо саналаа хүргүүлж байгаа.
Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхгүй бол Монгол Улсын ажиллах хүч гадаад руу урсах үндэсний хэмжээний аюул тулгараад байна. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулахгүй бол төрийн албанаас эхлээд бүх байгууллага хүний нөөцийн дутагдалд орсон байна.
Хамгийн сүүлд төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Ингэхдээ маш ялгавартай нэмэгдсэн байна. Тухайлбал, Томоохон албан тушаалтнуудын цалин дунджаар 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байхад тогооч, харуул, манаач нарын цалин 40-50 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Иймээс уг асуудалд ЗГ анхаарал хандуулж арга хэмжээ авахгүй бол бидний тавих шаардлага арга хэмжээ шат шатаар нэмэгдэж явна" гэлээ.
ҮЗЭХ: