Чехийн Пардубици хотод Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 54 настай Д овогтой Г нь энэ хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа бөгөөд түүнийг Чехийн цагдаагийн газар болон ар гэрийнхэн нь Пардубицэ болон ойр орчмоор хайж байгаа боловч өдий хүртэл олдоогүй талаар бид анхлан мэдээлсэн байдаг.
Тэгвэл ГХЯ-ны зүгээс мэдээллийг гарсан даруйд алга болсон иргэний ар гэртэй холбогдож туслахаар болсон бөгөөд ар гэрийнхнийг Чех улс руу явуулахаар ажиллаж байгаа аж.
Энэ талаар Г-ийн охинтой холбогдож тодрууллаа. Тэрбээр, “ГХЯ-ны зүгээс танай мэдээлэл гарсан даруйд надтай холбогдсон. Манай ар гэрт нот бичиг гаргаж өгч Чех руу явуулахаар болсон. Эхний ээлжид ээж, бид хоёр явахаар болсон ч бичиг баримт, даатгал гэх мэт маш олон материал бүрдүүлэх асуудлаас болоод хэзээ явах нь ч тодорхойгүй байна. Ерөнхийдөө бичиг баримтын асуудлаас болоод саатаад байгаа гэсэн үг. Аав минь сураггүй болоод 20 гаруй хонож цаг хугацаа улам л алдаад байна. Чехийн цагдаа нар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд хамгийн сүүлд үнэрч нохой, завьтай голын эрэг дагуу хайхад үр дүнд хүрээгүй” гэв.