Тээврийн хэрэгсэл зорчих зориулалтгүй замд ноцтой осол гарч, хоёр иргэн амиа алдсан хэргийг шалгаж байна

Тээврийн хэрэгсэл зорчих зориулалтгүй замд ноцтой осол гарч, хоёр иргэн амиа алдсан хэргийг шалгаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймагт хүний амь эрсэдсэн зам тээврийн хоёр ноцтой осол гарсан.

Тодруулбал, Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр сумдын нутаг дэвсгэрийг дамжин Дорнод аймгийн Матад сумаас Дорноговь аймгийн нутаг хүртэл газрын тос дамжуулах шугам байрлуулах зориулалтаар зассан шороон зам дээр хурд хэтрүүлсний улмаас хоёр машин мөргөлдөж, 32 настай жирэмсэн эмэгтэй газар дээрээ нас барж, машинд зорчиж явсан 2-13 насны таван хүүхэд, дөрвөн том хүн хөнгөн, хүнд хэлбэрээр бэртсэн байна.

Уг осол болсон зам нь тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй бөгөөд газрын хөрсийг тэгшлэн зассан, сул шороотой, тоосжилт ихтэй учир тээврийн хэрэгсэл зорчих үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог аж.

Мөн тус аймгийн Баруун-Урт суманд хоёр машин мөргөлдсөний улмаас 20 гаруй насны иргэн хүнд гэмтэж ослоос хоёр цагийн дараа нас баржээ. Уг осолд Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллага мөрдөх шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх осол гарсан энэхүү замаар буюу тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй замаар зорчихгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо орон нутгийн баталгаат замаар зорчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.