ШУУРХАЙ: "Л.Наранбаатартай хамтарч ажиллаж чадахгүй" хэмээн "Хөтөл"-ийн цемент шохойн үйлдвэрийн ажилчид ажил хаяхаа мэдэгджээ

ШУУРХАЙ: "Л.Наранбаатартай хамтарч ажиллаж чадахгүй" хэмээн "Хөтөл"-ийн цемент шохойн үйлдвэрийн ажилчид ажил хаяхаа мэдэгджээ

Хөтөлийн "Цемент шохой"-н үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгож, улмаар Төрийн өмчийн хороонд хариуцуулсан. Ингээд тус үйлдвэрийн даргаар эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг өнгөрсөн оны гуравдугаар сард /2022.03/ томилсон билээ.

Тэгвэл үйлдвэрийн дарга Л.Наранбаатарын явуулж буй хууль бус, чадамжгүй үйл ажиллагаа зэргээс шалтгаалж Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн үйлдвэрийн ажилчид ажил хаяхаар болж, энэ тухайгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд уламжлахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэд дараах хэд, хэдэн шалтгаанаар ажил хаяхаар болсон байна.

-ӨӨРИЙН НАЙЗ НӨХДИЙН ХАРИЛЦААТАЙ ХҮМҮҮСЭЭ "ХӨТӨЛ"-ИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛД ТОМИЛЖЭЭ-

Л.Наранбаатар нь тус албанд томилогдсоноосоо хойш халаа сэлгээ ихээр хийж, өөрийн холбоотой хүмүүсийг удирдах албан тушаалд томилжээ. Тухайлбал, "1072 хувьцааны ногдол ашгийн төлөөх тэмцэл"-д Л.Наранбаатартай хамт оролцож байсан найз нөхдийн харилцаатай Э.Гэлэгжамцыг 2022 оны есдүгээр сард Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн даргаар, 2023 оны нэгдүгээр сараас Борлуулалтын хэлтсийн даргаар, 2023 оны гуравдугаар сараас Ерөнхий нягтлан бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын даргаар хавсарган хийлгэхээр томилсон байна. Мөн өөрийн хувийн компанидаа ажиллаж байсан Н.Буян-Өлзийг Ерөнхий инженерээр, найз н.Ихбаярыг Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус томилжээ.

Мөн үйлдвэрийн засвар шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгээгүйн улмаас өдгөө ажиллаж эхэлсэн байх ёстой "Хөтөл"-ийн цементын үйлдвэрийн ажил эхлээгүй байгаа аж.

Тодруулбал, тус үйлдвэр нь 2023 оны төлөвлөгөөгөөр нэг болон хоёрдугаар сард их засварын ажил хийж дуусаад хоёрдугаар сарын 25 /2023.02.25/-ны өдөр гал өгч, гуравдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэр бүрэн жигд ажиллагаанд орсон байх ёстой байна. Гэтэл өнөөдрийн байдлаар их засварын ажил нь хийгдэж дуусаагүй, зарим засварын ажил хийгдээгүйгээс үйлдвэрийн ажил нь эхлээгүй байгаа аж.

Түүнчлэн худалдан авалтын тендерийг цаг хугацаанд нь зарлаагүйн улмаас шууд худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлээд байгаа аж. Энэ бүхнээс шалтгаалж тус үйлдвэр нь санхүүгийн хувьд ч хүнд байдалд ороод байгаа талаар эх сурвалжийн мэдээлэлд дурджээ.

"Хөтөл"-ийн үйлдвэрийн ажилчдын өргөх бичиг

Тодотговол үйлдвэрийн дарга Л.Наранбаатар нь "цемент нийлүүлнэ" хэмээн бусдаас 6.2 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрт аваад байгаа бөгөөд 5.4 тэрбум төгрөгийн худалдан авалтын өр төлбөртэй, 12 тэрбум төгрөгийн татварын өртэй болоод байгаа аж. Тиймээс тус үйлдвэрийнхэн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн үзэж, гуравдугаар сарын 30 /2023.03.20/-ны өдрийн дотор шуурхай арга хэмжээ авч, "Хөтөл"-ийн үйлдвэрт Засгийн газрын "Бүрэн эрхэт төлөөлөгч" томилон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг хүсэж, ийнхүү ажил хаяхаар болсон тухайгаа уламжлахаар болжээ. 

"Хөтөл"-ийн үйлдвэрийн ажилчдын өргөх бичиг