Нөөцийн махыг 457 цэгээр энэ сарын 15-наас борлуулна

Нөөцийн махыг 457 цэгээр энэ сарын 15-наас борлуулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хувьд Хаврын их цэвэрлэгээний аян, нөөцийн мах худалдан борлуулах болон сурталчилгааны самбар, байгууламж буулгах ажлын талаар мэдээлэл өглөө.

Нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалт, мөн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон. Тэрбээр “Нийтийн бие засах газар 24 байдгаас 19 нь тогтмол ажиллаж байна. Энэ жилийн хувьд 10 байршилд нэмж шинээр байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс 24 цагаар нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээ эрхлэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах сонгон шалгаруулалтыг  зарласан тул хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна” гэсэн юм.

Нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ

Энэ үеэр мөн нөөцийн махны борлуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцийг бэлтгэсэн бөгөөд энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангаад байна. Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулах юм.

Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг энэ сарын 1-нээс тавдугаар сарын 15-нд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлээд буй. Энэ хүрээнд одоогийн байдлаар зөвшөөрөлгүй 428 байгууламжийг буулгаж, 1429 мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм.