ГИХГ: Гурван улсын зургаан иргэнийг албадан гаргалаа

ГИХГ: Гурван улсын зургаан иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт бус 44 удаагийн хяналт шалгалт явуулж, 95 гадаадын иргэн, 143 уригч байгууллага, 3 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн дагуу нийт 72.350.000 төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Эдгээр зөрчил гаргасан иргэдийн дийлэнх нь визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, мөн нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журмыг зөрчсөн байна. Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн гурван улсын зургаан иргэнийг албадан гаргав.

Тодруулбал, дээрх иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа гэж ГИХГ-аас мэдээллээ.