Л.Энх-Амгалан: Дайныг сурталчилсан хичээлд нэг ч монгол хүүхэд суугаагүй

Л.Энх-Амгалан: Дайныг сурталчилсан хичээлд нэг ч монгол хүүхэд суугаагүй

Манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамнаас Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчлах “Эр зоригийн хичээл” гэх арга хэмжээг саяхан зохион байгуулсан гэх мэдээлэл гарч буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн энэ үеэр тус мэдээллийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд М.Энх-Амгалан, “Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа зохион байгуулсан болон байгуулахыг оролдсон этгээдүүд хариуцлага хүлээлгэх ёстой. Бидний үр хүүхдүүд элдэв үзэл суртлын золиос болох ёсгүй. Мэдээллийг шалгаж, нягталья” хэмээн өөрийн твиттер хуудастаа гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2023.03.14/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас "Сая амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Элчин сайдын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 150 сурагчийг цуглуулж, дайныг сурталчилсан хичээл зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг шалгахад үндэслэлгүй мэдээлэл байсан. Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын Элчин сайдын яамтай холбогдож, энэ асуудлаар ярилцсан.

Өмнө нь ОХУ-ын харьяа 14 дүгээр сургууль дээр тавдугаар сар буюу Ялалтын баярын үеэр орос хүүхдүүдэд эх орны хоёрдугаар дайны ач холбогдлыг тайлбарладаг хичээл орсон юм байна. Тэр хичээлийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна лээ. Анх мэдээг нийтэлсэн A media цахим хуудас нь оросын дайныг эсэргүүцдэг вэб сайт юм байна. Хуулийн байгууллагын өгсөн мэдээгээр энэ вэб сайтыг жагсагч Э.Одбаярын хамааралтай хүмүүс хөтөлдөг гэсэн. Үүнийг шалгаж тогтоож байгаа. Монголын нэг ч хүүхэд дайныг сурталчилсан хичээлд суугаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр зургууд нь фото шоп байсан байна лээ" хэмээжээ.