“Эерэг монгол чуулган – 2023” зохион байгуулагдах гэж байна

“Эерэг монгол чуулган – 2023” зохион байгуулагдах гэж байна

Монгол Улсын Засгийн газар, Жэй Си Ай Монгол ТББ болон Отгонтэнгэр Их Сургууль нар хамтран “ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН - 2023”-г “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудалд” сэдвээр 2023 оны 03 дугаар сарын 21-д зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Эерэг Монгол чуулган нь 2019 оноос хойш Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл  дор нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой  зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Ерөнхий Сайдын Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн ивээл дор зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн чуулганаар Монгол улсын дээд боловсролын системийн орох шаардлагатай байгаа өөрчлөлтүүд тэр дундаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт, нөгөө талаас бизнесийн салбарт тулгамдаад байгаа хүний нөөцийн асуудлыг энэ өөрчлөлтөөр шийдэх боломжуудыг хэлэлцэх юм. Чуулганд Монгол Улсын Засгийн Газар, Төрийн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, Жэй Си Ай Монгол ТББ-ын гишүүд, их дээд сургуулиудын удирдлагууд, оюутан залуусын төлөөллөөс бүрдсэн 500 гаруй  төлөөлөл оролцохоор төлөвтэй байгаа нь энэ удаагийн чуулган урьд урьдын чуулгануудтай харьцуулахад цар хүрээний хувьд өргөжөөд зогсохгүй хэлэлцүүлэг илүү сонирхолтой өрнөх нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Чуулганд Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Отгонтэнгэр Их Сургуулийн Захиргаа, хяналт үнэлгээний албаны дарга, ERASMUS+MONGWBL Төслийн Үндэсний Зохицуулагч Доктор А.Буянжаргал, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх Захирал Т.Дүүрэн нар илтгэл тавих бөгөөд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх Захирал Х.Ганбаатар илтгэгч нарын хамт хэлэлцүүлгийн панелистаар оролцох юм.  

Чуулганы хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт өргөн бариад зогсохгүй хэрэгжилтийг хангахын тулд ажлууд төлөвлөж, Монгол улсын Боловсролын тухай хуульд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө ажиллана гэдгээ Жэй Си Ай байгууллагын Жэй Си Ай Прогресс салбар байгууллага болон Отгонтэнгэр Их Сургуулийн удирдлагаас мэдэгдсэн.

Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах цахим сүлжээгээр холбогдоно уу Утас: 88887874 Имэйл: [email protected]