Олон Улсын Абилимпын уралдаанд оролцогчдод амжилт хүслээ

Олон Улсын Абилимпын уралдаанд оролцогчдод амжилт хүслээ

Франц улсын Мэтц хотноо 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах олон улсын 10 дахь Абилимп буюу мэргэжлийн ур чадварын уралдаанд манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй 13 оролцогч оролцох гэж байна.

Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнийг зорьж буй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн нар өнөөдөр оролцогчдыг хүлээн авч уулзан Монгол улсын төрийн далбааг гардуулж, амжилт хүслээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний чадвар, чадамж, ур чадварыг үнэлдэг уламжлалт хандлагыг халж, тэдний хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмшихэд томоохон дэмжлэг болдог Абилимп буюу буюу Ур чадварын олон улсын тэмцээнийг 1981 онд анх Япон улсын Токио хотноо Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөрт зориулан зохион байгуулж байсан түүхтэй.

Манай улсын хувьд Монголын Абилимпийн холбоо 2014 онд байгуулагдаж, 2016 оны 03 дугаар сард Францын Бордо хотод зохион байгуулагдсан уралдаанд анх удаагаа 11 мэргэжлээр оролцож байжээ.