БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлжээ

БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлжээ

Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.03.20/ нээжээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдсэн байна. 

Энэ талаар БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ энд оршин суугаа монгол иргэдэд нэн тулгамдсан арван асуудлыг шийдвэрлэхээ хэлсэн. Эдгээр асуудлын нэг нь төрийн цахим үйлчилгээ байсан. Элчин сайдын яамны Консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “Хурдан” цэг нээгдэж, Ерөнхий сайдын амлалт хэрэгжиж байна. Монгол иргэд маань төрийн үйлчилгээгээ төвөг, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаад талархалтай байна. Бид иргэддээ мэдээ, мэдээллийг түгээхэд анхаарч ажиллана” гэжээ.