Г.Шихихутагтын ээж Ц.Чимгээ: Шүүх танхимд мэндэлсэн анхны тохиолдол гээд хүүг минь хуулийн чиглэлээр сурах боломжоор хангана гэсэн /ВИДЕО/

Г.Шихихутагтын ээж Ц.Чимгээ: Шүүх танхимд мэндэлсэн анхны тохиолдол гээд хүүг минь хуулийн чиглэлээр сурах боломжоор хангана гэсэн /ВИДЕО/

Одоогоос зургаан жилийн өмнө Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд нэгэн ээж амаржиж, Монгол Улсын түүхэнд шүүхийн байранд хүүхэд мэндэлсэн анхны тохиолдлоор бүртгэгдэж байсан билээ. Энэхүү онцгой явдлыг бэлгэшээн хүүд Г.Шихихутагт гэх нэр хайрласан байдаг. Ирэх намар сургуулийн босго алхах бяцхан хүү болоод түүний ээжтэй ярилцахаар бид Био комбинатыг зорилоо.  

ВИДЕО:

Айлын отгон, одонгийн хүү болон мэндэлсэн Г.Шихихутагт хүү аав, ээж, эгч, хоёр ахын хамтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо олны нэрлэж заншсанаар Био комбинатад амьдардаг байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаас ярилцлага авахаар ирж байгаа гэх сургаар хүү эртлэн босож, нүүрээ угааж, гоёлын цамцаа өмсжээ. Тэрбээр насандаа баймгүй хэрсүү, цовоо нэгэн аж. "Би аль зурагтаар гарах билээ. Намайг олон хүн таньдаг болно байх даа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Би шүүхэд төрсөн шүү дээ" гэхчлэнгийн зүйлсийг ярьж, шалгаах нь өхөөрдөм, хайр татам аж. 

Харин хүүгийн ээж зургаан жилийн өмнө шүүхийн байранд амаржиж байсан талаараа бидэнтэй ийн хөөрөлдлөө. Тэрбээр “Би тухайн үед буюу 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэгэн шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон байсан юм. Тухайн өдөр би эмнэлэгт үзүүлэх хуваарьтай байсан учраас эмчдээ үзүүлчхээд хуралд орсон. Уг нь төрөх хугацаа гуравдугаар сарын 25, 26-ны өдөр гэж эмч хэлж байсан. Гэтэл шүүх хурлын үеэр гэнэт өвдөлт өгч, би шүүгчээс зөвшөөрөл авч гараад хажуу талын өрөөнд ороод юу юугүй төрчихсөн. Тэр үед шүүгчийн туслах Б.Солонго, өмгөөлөгч н.Алтанцэцэг нар намайг амаржуулж, Б.Солонго хүүг минь эх барьж авсан. Төд удалгүй түргэний эмч ирж, хүү бид хоёрыг Нэгдүгээр төрөх эмнэлэг рүү авч явж байлаа. Хүү минь дөнгөж төрөөд шүүх байранд цангинатал уйлах тэр мөчид тэнд байсан шүүгч, прокурор, шүүгдэгч гээд бүх хүн маш их баярлаж, хүү бид хоёрт баяр хүргэж байгаа нь сонсогдож, үнэхээр сайхан байсан. Мөн тухайн шүүхийн шүүгч Б.Хулан “Шүүхийн байранд үргэлж л муу зүйл яригдаж, дэнслэгдэж байдаг. Харин та манай шүүхэд амаржиж шинэ хүний цангинасан дуу бидэнд аз жаргал илгээлээ гээд баяр хүргэхэд нь нулимс гарч байсан шүү. Бас л сонин мэдрэмж байдаг юм билээ. Шүүхийн танхим төрсөн анхны тохиолдол гээд ШЕЗ, шүүхээс хүүд минь Эх үрсийн баяр болгоноор бэлэг явуулж, баяр хүргэдэг. Мөн хүүг минь том болоод шүүгч болох хүсэлтэй гэвэл бүхий л талаар нь дэмжих болно гэж хэлсэн. Энэ завшааныг ашиглаад тэд нартаа талархаж явдгаа хэлмээр санагдаж байна” гэсэн юм.

Хүү ирэх хавар сургуульд орно. Гэсэн ч гэр нь алслагдмал байдаг учир цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Уг нь хүүгээ цэцэрлэгт оруулсан бол их зүйл сураад сургуульд ороход нь төхөм болох байсан байхдаа гэх Г.Шихихутагтын ээжийн үг хэчнээн гашуун сонсогдож байсныг энд нуух юун.