“Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Ц.Пүрэвсүрэн багшид олгожээ

“Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Ц.Пүрэвсүрэн багшид олгожээ

Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэдэд олгодог 2022 оны намрын одон гардуулах ёслол Япон Улсын Элчин сайдын өргөөнд энэ сарын 27-нд болов.

Энэ үеэр Монгол Улсын Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал асан бөгөөд Хүмүүнлэгийн их сургуулийн магистр, докторын сургалтын албаны захирал асан, профессор Ц.Пүрэвсүрэнд “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон олгов. Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн энэхүү одонг олгожээ.

Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши Ц.Пүрэвсүрэн багшийн одон хүртэх болсон тухайд хэлэхдээ, "Хүмүүнлэгийн их сургууль, Эрдмийн их сургууль, Монголын Үндэсний их сургуульд япон хэлний багшаар олон жил ажиллахдаа олон шавь төрүүлсний зэрэгцээ олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэний хамт судалгааны илтгэл тавьж ирсэн. Монголын Япон хэлний багш нарын холбооны дэд тэргүүн, Монгол-Японы Залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төвийн удирдах зөвлөлийн даргаар ажиллан, Монгол дахь япон хэлний боловсролыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрбээр мөн Монгол, Япон Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон Япон-Монголын Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил тохиосон 2022 онд япон хэлний боловсролоор дамжуулан хүүхэд, залуучуудын харилцан ойлголцол, солилцоог дэмжихэд хувь нэмрээ оруулж ирсэн Ц.Пүрэвсүрэн багшид одон гардуулах болсон нь нүдээ олсон шийдвэр" хэмээн онцлон дурдаж, түүнд одонг үнэмлэхийн хамт гардууллаа.