ШУУРХАЙ: БНСУ-д 26 хоног ухаангүй хэвтэж буй боксын тоглогч Ж-ын биеийн байдал сайжирч, гар хөл нь хөдөлж эхэлжээ

ШУУРХАЙ: БНСУ-д 26 хоног ухаангүй хэвтэж буй боксын тоглогч Ж-ын биеийн байдал сайжирч, гар хөл нь хөдөлж эхэлжээ

Korea Boxing East (KBC)-ээс Солонгос /БНСУ/-т зохион байгуулсан “Мэргэжлийн бокс”-ын тэмцээнд оролцсон монгол тамирчин тоглолтын үеэр хүчтэй цохиулсны улмаас комд орж, ухаангүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

ВИДЕО: 

Тодруулбал, "Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд /2023.03.11/ Кёнгидо мужийн Гапёнгүн хотод Монгол, Солонгосын тоглогчдын дунд мэргэжлийн боксын тэмцээн болсон. Тус тоглолтын үеэр цэнхэр өмсгөлтэй монгол тамирчныг өрсөлдөгч нь хүнд цохилтоор унагасан. Улмаар цохилтын цочролд орсон монгол тамирчин тархины цус харвалтын улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ухаан ороогүй сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй” талаар БНСУ-ын SBS телевиз мэдээлсэн. Мөн бидний олж мэдсэнээр тус тэмцээнд оролцуулахаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагва монголоос боксын найман тамирчин авч явсан бөгөөд тэдний нэг нь дээр дурдсан тамирчин Ж байсан. Мөн гэмтэл авсан тамирчны ар гэр БНСУ-ыг өнгөрсөн гудавдугаар сарын 23 өдөр /2023.03.23/ зорьсон юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл 26 хоног ухаангүй, хэвтэн эмчлүүлж буй тоглогч Ж-ын мэдрэлийн эрхтнүүд нь хөдөлж эхэлжээ.Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаа Монгол тамирчин одоогоор ухаан ороогүй ч биеийн байдал нь сайжирч хөл гар нь хөдөлж эхэлсэн. Монгол Улсын Гадаад хэргийн яам, Дипломат төлөөлөгчийн газар хамтран энэ асуудалд анхаарч дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэвтэн эвчлүүлж буй тоглогч Ж-ын ээж болон гэр бүлийн гишүүд, дасгалжуулагч Д.Лхагва болон түүний боксын клубийн гишүүдийг БНСУ руу явуулсан" гэсэн юм.

Түүнчлэн БНСУ-д очоод буй тоглогч Ж-ын ээж болон дасгалжуулагч Д.Лхагва SBS телевизэд ярилцлага өгсөн. Энэ үеэр Гэмтэл авсан тоглогч Ж-ын ээж "Нүдээ нээж чадахгүй болтлоо зодуулсан хүүгээ хараад миний хүү мөн юм болов уу гэж бодсон. Маш хэцүү, хүнд байна. Хэрэв тулааны үед эмч байсан бол, урьдчилсан үзлэг хийсэн бол би өнөөдөр харийн оронд ийм гунигтай суухгүй байлаа" гэсэн юм. Харин Д.Лхагваа "Манай тамирчид цохиулаад гараад л байсан. Тэр тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрлийг БНСУ-ын боксын холбоо өгсөн. Солонгосын боксын комиссоос тоглогчийг тархины архаг цус алдалттай, тэмцээнд оролцсон гэсэн. Энэ худлаа. Тийм байх ямар ч боломж байхгүй. Манай тамирчин өмнө нь олон үзлэгт хамрагдаж байсан. Өнгөрсөн сарыг хүртэл ямар нэг хэвийн бус байдал гаргаагүй. Хэрэв тоглолтын үеэр рингний эмч байсан бол байдлыг иймд нь тулгалгүй ямар нэг арга хэмжээ авах боломж байсан" хэмээсэн. Ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Иймд уг асуудлаар БНСУ-ын SBS телевиз тэмцээн зохион байгуулсан "Korea Boxing East"-ээс хариуцлага нэхэж, тэмцээнийг түргэн тусламжийн эмчгүй зохион байгуулсан. Монголын тоглогч Ж-д яаралтай тусламж үзүүлсэн бол тархины цус харвалтаас сэргийлж чадах байсан гэдгийг баталсан юм.  Гэвч асуудал шийдэлд хүрээгүй хэвээр байна.