Үндэсний аудитын газраас "Хөтөлийн Цемент шохой” компанийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт олон нийтэд болоод байгаа.
Тэгвэл тус үйлдвэрийн захирал Л.Наранбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай үйлдвэр 2022 онд 405 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Энэ нь 2015 оноос хойш хамгийн дээд хэмжээнд үйлдвэрлэлээ хийсэн үйл явдал боллоо. Энэ үйлдвэр 2015 онд ашиглалтад ороход 1 сая тоннын хүчин чадалтай гэж улс тооцоолж байсан. Үнэн хэрэгтээ тийм биш, энэ нь 400 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр болох нь техникийн тайлангаар ил болсон. 2022 оны хувьд компани одоогийн хүчин чадлаар ажилласан. "Хөтөлийн цемент шохой” компанийн 40 жилийн түүхэнд анх удаа 100 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. 30 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн. Өмнөх жилүүдэд 5-6 тэрбум төгрөгийн татвар улсад төлдөг байсныг даруй тав дахин өндөрсгөж, татвар төллөө.
Анх удаа ажилчдынхаа цалингийн фондыг нэг жилийн дотор хоёр дахин нэмж чадлаа. Биднийг ажил авч байх үед буюу 2021 онд 820 ажилтны цалинд 11 тэрбум төгрөгийн цалингийн фонд байсан бол одоо 21 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдлээ. 2023 онд ажилчдынхаа цалинг 32 хувиар нэмэхээр төлөвлөж байна. 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилллалаа. Энэ нь сүүлийн 16 жилд анх удаа бий болсон цэвэр ашиг байна" гэдгийг тодотголоо.
Мөн тэрбээр сүүлийн үед гарсан мэдээлэлд тайлбар өглөө. Л.Наранбаатар "Манай үйлдвэрийн хувьд тухайн жилийн үйл явцаа даатгаж, Амарбаясгалант хийдэд удирдлагууд нь очиж ёсчилдог ёс жаягийг 40 жилийн турш хийж байгаа юм билээ. Амарбаясгалант хийдэд 5.9 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ захирал миний бие очиж чадаагүй. Архи согтууруулах ундааны хувьд 60 мянган төгрөгт шар айраг авч уусан асуудал байсан. Гэхдээ хэн авч уусан нь мэдэгдээгүй. Шар айраг уусан мөнгийг нь төлүүлсэн" гэлээ.