Үндэсний аудитын газраас Хөтөлийн цемент шохой компанийн 2022 оны санхүүгийн тайланд шалгалт хийсэн. Уг шалгалтаар 21.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн захирал Л.Наранбаатар өчигдөр /2023.04.10/ олон нийтэд мэдээлэл өгч, зарим тайлбарыг хийсэн.
Компанийн хөрөнгөд үрэлгэн хандаж, шаардлагагүй зардлыг гаргасан дээрх үйлдэлтэй холбоотойгоор Хөтөлийн цемент шохой компанийн ажилтнууд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гадна эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн. Тэд "Өртөгт суурилсан урамшууллыг өг. Үйлдвэрийн захирлыг дотроос томил. Аудитын дүгнэлтийн дагуу Л.Наранбаатарт хариуцлага тооц. ТУЗ-ийг яаралтай хуралдуул" гэсэн шаардлагыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд тавьсан юм. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл дөнгөж сая эсэргүүцэл зарлаад буй ажилчдын төлөөлөлтэй уулзсан байна.