Дутуу буулгасан хуучны барилга хүчтэй салхинд нурсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна.
ВИДЕО:
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо "Наран молл"-ын урд байрлах дутуу буулгасан хуучны барилга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүчтэй салхины улмаас нурж, улмаар хажууд нь байрлуулсан автомашин дээр барилгын тоосго, мод зэрэг унасан байна.
Тухайн барилгыг олон жил ашиглаагүй бөгөөд сар орчмын өмнө дээврийг нь хуулж буулгаж эхэлжээ. Ингэхдээ аюулгүй ажиллагааг мөрдөж, хашаа татах, анхааруулах самбар зэргийг байрлуулаагүй аж.
Тиймээс ч иргэд тухайн барилгын дэргэд автомашинаа байрлуулж байжээ. Энэ талаар хохирогч болох иргэн "Автозам болон явган хүний зам дагуу байрлах тус барилга нь өчигдрийн хүчтэй салхины улмаас нурж, дэргэд нь байрлуулсан байсан миний автомашин дээр барилгын эд зүйлс унаж, эвдсэн. Миний хувьд автомашинаа эвдүүлсэн хэдий ч энэ мэт хэн нэгэн хариуцлагагүй хүн, албан байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бол автомашин бус хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол яах вэ гэдэг үүднээс мэдээллийг цахим сүлжээнд байрлуулсан. Энэ хавьд сургууль, цэцэрлэг их байдаг. Хүүхдүүд энэ замаар хичээлдээ явдаг. Гэтэл энэ байгууллага хуучин барилгаа нурааж байгаа бол аюулгүй ажиллагааг мөрдөх ёстой. Магадгүй одоо ч энэ барилга дахин нурж, хүний дээрээс унахгүй гэх баталгаа алга. Энэ талаар цагдаад мэдэгдсэн. Мөн хорооны мэргэжилтнүүдэд хэлсэн. Хорооноос "Та зориулалтын зогсоолд автомашинаа байрлуулаагүй. Таны буруу гэж хэлж байна лээ" гэв.
Харин Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч "Би энэ замаар өдөр болгон явдаг. Өглөө хичээлдээ явах гээд гараад ирсэн барилга нурсан байсан. Би айж байна" гэлээ.
Цахим сүлжээн дэх нээлттэй мэдээллээр тухайн барилга нь өдгөө "Амжилтын буухиа" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна.
Явган хүний зам дагуу байрлах тус барилга нь салхины улмаас дундуураа хуваагдаж, нурсан байсан бөгөөд барилгын зарим хэсэг нь явган хүний зам дээр унасан байдалтай байсан юм. Яаралтай арга хэмжээ авахгүй бол тус барилга дахин нурж, иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй гэх баталгаа байхгүй байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах шаардлагатай байна.
ФОТО: