Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа

Баянзүрх нэгдсэн эмнэлэг нь 358 ортой. Дүүргийн 361 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анхны менежментийн туршилтын хувьчлалыг 1997 оноос амжилттай хэрэгжүүлж улмаар 2005 онд хувьчлагдан “Баянзүрх эмнэлэг ХХК” болон төрийн үйлчилгээг түншлэлийн гэрээгээр үзүүлж эхэлсэн анхны том хувийн эмнэлэг юм. Тус эмнэлэгт хүний нөөцийн хомсдол бий болсон, ажлын ачаалал өндөр зэрэг тулгамдаж буй олон асуудал байна. Ганцхан жишээ дурдахад 1 эмчид 600 хүн ногдох ёстой. Гэвч бодит байдал дээр энэ тоо 6 дахин их буюу 3200 хүн ногдож байна. Үүнийг дагаад иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаа юм.

Энэ мэтчилэн тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах, шийдвэрлэж ажиллах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх тус эмнэлэгт ажилласан. Тэрбээр хүн амын механик өсөлтийг дагаж эрүүл салбарт шинэчлэл өрнүүлэх шаардлагатай ч өнгөрсөн хугацаанд дээрх ажил орхигдсон гэдгийг онцлоод нэгдсэн эмнэлэгт үүссэн ачааллыг бууруулах нь нэн тэргүүнд хийх ажил гэсэн юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэнд-Аюуш Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай. Цаашид нэгдсэн эмнэлэг байгуулах шаардлагатай байна. Гэхдээ эмнэлэг байгуулах хүртэл Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлэгт үүссэн ачааллыг бууруулах, зөв менежмент хийх нь чухал бөгөөд энэ ажлыг зохион байгуулахад дэмжиж оролцоно гэсэн юм. Тиймээс бодитой судалгаа гаргаж, цаашид тодорхой ажил зохион байгуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.