Г.Энхбилэг: Ханиадтай охиноо эмнэлэг рүү тэвэрч ороод эдгээд гарна гэж бодсон. Шарилыг нь аваад буцна гэж даанч санасангүй /ВИДЕО/

Г.Энхбилэг: Ханиадтай охиноо эмнэлэг рүү тэвэрч ороод эдгээд гарна гэж бодсон. Шарилыг нь аваад буцна гэж даанч санасангүй /ВИДЕО/

Шинжлэх ухаан хөгжиж буй XXI дүгээр зуунд эмнэлэгт найдлага тавьж очоод инээж хөөрөөд гүйж явсан үр ээ алдана гэдэг давж гаршгүй харуусал биз. Гэсэн ч эл явдал бусад гэр бүлд битгий тохиолдоосой, гуравхан настай охинд нь ёс бус хандаж зөвшөөрөлгүй задлан хүртэл хийсэн гэх мэт асуудлуудыг хөндөж талийгаач охины аав үнэнийг тогтоолгож эмнэлгийн байгууллагын холион бантанг олон түмэнд нотлон харуулахаар гурван сар шүүх, цагдаагийн хаалга сахиж суух гурван настай охины аав Г.Энхбилэгтэй ярилцав.

Түүний хувьд халуурах шинж тэмдэг илэрсэн гурван настай охиноо Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр үзүүлэхээр очсон. Ингээд хэвтэн эмчлүүл, гэхийн сацуу буруу онош тавьсан эмчийн буруу байж болзошгүй эмчилгээнээс болж долоо хоногийн дараа тус эмнэлэгт охин нь амиа алдсан юм.

ВИДЕО: 

-Юуны түрүүн танай гэр бүлд тохиолдсон харамсалтай явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Яриагаа Баянголын эмнэлэгт очсон тэр өдрөөс эхэлье. Яг юу болов?

-Нэгдүгээр сарын долоонд халуурч байсан охиноо үзүүлэхээр эмнэлэгт очсон. БГД-ийн эмнэлгийн ээлжийн н.Бямбасүрэн гэх эмчид үзүүлэхэд хоолны хордлого, гэдэсний ханиад гэсэн онош тавьж хэвтүүлсэн. Энгийн тасагт манай охин дөрөв хоносон. Эмнэлэгт хэвтсэн гурав дахь өдрөөс эхлэн антибиотик нь солигдож, давхар дексон гэдэг нэртэй тариа хийж, антибиотик нь солигдсон. Энэ үед буюу яг тариа хийлгэж байх үед манай охин бөөлжиж, биеийн байдал нь муудаж, хэвтэрт орсон. Ингээд эргэлтээр ирсэн ээжтэйгээ алхаж очоод уулздаг охин маань босож чадахгүй болсон учраас бид охиноо үзүүлэхээр өөр эмнэлгүүдэд хандахаар болж, гаргаж авах хүсэлт тавихад гаргаагүй. Миний охин орон тоо бөглөж, эмчилгээний төлбөр төлүүлэх бодлогын золиос болсон гэж харж байгаа. Цагаан халаадтай эмч хүн зүгээр болно гээд эмчилгээ хийж байхад найдахаар өөр яах билээ. Гэтэл охин минь эрсдэлээ.

-ЗҮВ ЗҮГЭЭР АЛХАЖ БАЙСАН ОХИН МААНЬ ТАРИА ХИЙЛГЭЭД ХЭВТЭРТ ОРЖ, ХОЁР ХОНООД НАС БАРСАН-

Хэдэн зүйлийг тодруулж хэлэхэд, Тэр өдөр эмнэлэгт очихдоо охин бид хоёр түргэнээр биш өөрсдөө очсон. Эхнэр маань төрөх дөхөж байсан учир магадгүй хүүхэд маань ханиадтай байвал дамжих байх гээд эмнэлэгт очиж байгаа нь тэр л дээ. Шууд биеийн байдал нь огцом муудсан тестэлж үзэлгүй хийсэн тарианы хувьд цаасан дээр л дексон гэж бичсэн болохоос ямар тариа хийснийг нь би мэдэхгүй. Учир нь тус эмнэлгийн бүх камер ажилддаггүй гэсэн. Өөрөөр хэлбэл охиныг маань угаасаа хүндэрсэн өвчтэй ирсэн гэх эмчийн худал мэдээлэлд хариу баримт болох эмнэлэгт охины маань алхаж байгаа. Тарианы өрөөнөөс бөөлжөөд гарч байгаа зэрэг бүх үйлдлийг нотлох боломжгүй гэсэн үг. Гэдэсний ханиад биш хатгаатай байсан гэдэг нь гурав дахь өдрийн рентген зургаас тод харагдаж байгаа.

-Тус эмнэлгийн дарга болон эмч нарын өгсөн мэдээллээр охиныг тань биеийн байдал нь хүндэрсэн. Маш олон хууч өвчтэй гэсэн байсан?

-Охин минь урд нь эмнэлэгт хэвтэж байгаагүй. Архаг өвчлөл байхгүй. Тэр үед эмч нарын хийж буй эмчилгээнээс үүдэж хавантай болсныг нь тарган ирсэн. Чихрийн шижинтэй гэх мэт баахан худлаа дүгнэлтийг хэлсэн байсан. Бас охинд нь бид стандартын дагуу эмчилгээ хийсэн гэсэн байна лээ. 

-ЗАДЛАН ХИЙЛГЭХГҮЙ ОХИНОО БАЙГААГААР НЬ АВНА ГЭЭД БЭЛДЭЖ БАЙТАЛ, ЗАЛГААД "НЭГ ЭМЧ АВЧ ЯВААД ЗАДЛАН ХИЙСЭН БАЙНА" ГЭСЭН- 

-Мөн бид охиныхоо цогцсыг бүрэн бүтэн авна. Задлан хийлгэхгүй гэх хүсэлт, шаардлагыг эмнэлэгт тавьсан ч утсаар ч ярилгүй хийсэн байсан гэсэн үү?

-Тиймээ. Маргааш нь охиноо авна гээд бэлтгэл ажлаа хийж байхад эмнэлгээс нь залгаж "охинд чинь задлан хийсэн" гэдгийг хэлсэн. Цочирдож задлан хийлгэхгүй гэснээ хэлэхэд, "Өө уучлаарай манай нэг эмч өчигдөр авч яваад задлан хийсэн байна" гэсэн. Бид энэ өдрөөс эхэлж цагдаад мэдэгдэж, хэрэг шалгагдаж эхэлсэн.

-ГУРВАН САРЫН ДАРАА ДӨНГӨЖ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮРЭЛДЭХҮҮН Л ТОМИЛОГДСОН-

-Гурван сарын өмнө өргөдөл өгч, хэргийг шалгуулж эхэлсэн байна. Одоо хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Дөнгөж өчигдөр /2023.04.11/ шүүх шинжилгээний бүрэлдэхүүн томилох бичигт гарын үсэг л зурлаа. Эмгэг судлалын хариу нь удаж гарна. Прокурор нь хүлээж авахгүй "Чи ер нь яах гээд хэвлэлд яриа өгөөд яваад байдаг юм. Энэ хэрэг чинь явдгаараа л явна. Удаашралтай явагдана" гэсэн.

-Хэргийг шалгахад охиноо оршуулсан учир ДНК-г нь шинжилгээнд өгч байгууллагаас энийг танд юу гэж тайлбарлав?

-Охины минь эд эрхтнээс авсан гэх дээж нь буруу байж болно шүү дээ. Би худлаа хариу гаргаж байна. Одоо шалгаж байгаа ДНК чинь миний охиных яг мөн юм уу гээд хохирогчийн хувьд шалгуулах хүсэлт өгсөн ч прокурор хүсэлтийг минь хассан байна лээ. Ер нь энэ эмнэлэг бүр сурчихсан санагдсан. Энэ өвлийн хэмжээнд гэхэд тав, зургаан иймэрхүү тохиолдол гарч байхад бүгдэд нь мөн л камерын бичлэг байхгүй. Манай камер бичдэггүй гээд сууж байсан байгаа юм.

Сонгууль болгоноор тойргийн гишүүнээсээ хамаарч удирдлага нь солигдож, ажилтнууд нь солигдоно. Угтаа эмнэлгийн байгууллага гэдэг хамгийн хариуцлагатай байх ёстой газар. Хүний амь нас яригдаж байгаа шүү дээ. Чаддаг мэдлэг чадвартай нэгэн нь удирдаад эмч нар аа зөв залж явдаг байгаасай гэж хүсэж байна. Улс төр нь ядаж эмнэлэг рүүгээ битгий ор.

Гэр бүл минь нэг гишүүнээ алдаж, цаг тутам охиноо үгүйлэн санаж байгаа ч тэвчээр гаргаж миний ингэж яваа нь олон хүнд сэрэмжлүүлж анхааруулж яваа үйлдэл юм. Хэрэв өмнө нь нэг хохирогч нь яриад сэрэмжлүүлээд гараад ирсэн бол нэг хэвлэл яриа аваад гаргасан бол би хэзээ ч БГД-ийн эмнэлэгт эрүүл саруул охиноо тэврээд очихгүй байсан шүү дээ.