“Нүхэн жорлонгийн хувьсгал-2023”-ын талаар Монголын жорлонгийн холбооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр мэдээлэхдээ “Нүхэн жорлонгоос халдварт өвчин үүсэх, хөрсний бохирдол гэх мэт олон үр дагаврыг үүсгэдэг. Монгол улсад хоёр сая гаруй нүхэн жорлон байна. Үүнээс 600 гаруй нь Улаанбаатар хотод байдаг байна. Мэргэжлийн байгууллагын хувьд бид Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирох жорлонгийн технологийн хувьсгал хийнэ. Өөрсдийн эрх ашгаас илүүтэй ард түмний эрх ашгийг бодож ажиллана. Энэ чиглэлээр Төрийн гурван өндөрлөг, улс төрийн намууд, сайд дарга нар, аймаг, нийслэлийн дарга нарт албан тоот хүргүүлнэ. “Жорлонг ингэж өөрчлөх хүсэлт байна” гэдэг зөвлөмж, онлайнаар жорлонгийн тухай сонин гаргана. Цаашдаа энэ сарын 28-нд /2023.04.28/ Засгийн газрын 49 дүгээр тогтоолын “Монголын хөрс хамгаалах өдөр”-т зориулан энэ чиглэлээр ажилладаг аж ахуй нэгжүүдийг урьж үндэсний хэмжээний зөвлөгөөн, семинар хийнэ. Мөн ирэх сард /2023.05/ Сүхбаатарын талбайд “Жорлонгийн үзэсгэлэн” зохион байгуулж иргэдэд мэдээлэл хүргэх талаар бодож байгаа” гэлээ.