Улсын хэмжээнд 2000-2023 онд 736 жагсаал цуглаан зохион байгуулжээ

Улсын хэмжээнд 2000-2023 онд 736 жагсаал цуглаан зохион байгуулжээ

Хэвлэлийн хүрээлэн, МСНЭ, ХЭҮК, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Хэвлэлийн зөвлөл, "Эмнести интернэшнл", "Глоб интернэшнл” ТББ-аас хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулах "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт" уулзалт зохион байгууллаа.

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалахаар зохион байгуулж буй уулзалтыг нээж ХЭҮК-ын дарга Ж.Хунан хэлэхдээ, “ХЭҮК үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж ирсэн. Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, чөлөөт хэвлэлгүй бол ардчилал байхгүй”-г тодотгосон юм.

Уулзалтаар Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын 22 дахь илтгэлийн 2 дугаар бүлгийг танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг яаж баталгаатай, үр дүнтэй болгох талаар санал солилцов. Мөн төрийн бус байгууллагын болон тайван жагсаал цуглаан хийх эрх зүйн зохицуулалт, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтын талаар ямар санал оруулж байгаагаа тайлбарлав.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа ярихдаа, -“Хэвлэл мэдээллийн хараат бус ил тод хариуцлагатай байдлыг хангах, төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалт мөн тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөний шаардлагад нийцүүлэн хуулиа шинэчлэн найруулахад саналаа хүргэж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөнд зохистой хязгаарлалт хийвэл ХЭҮК-д ханддаг байдлаар зохицуулах хэрэгтэй. Тайван жагсаал цуглаан хийх агуулгыг хуулийн бичвэрт тодорхой илэрхийлж, арга хэрэгслийг нь хуулиар хамгаалж өгмөөр байна. Мөн тунхаглалын чанартай эрх чөлөөнд амь оруулж, эрх чөлөөг дур зоргоос ялгах, улс төрийн эрх чөлөөг аминч эдийн засгийн нөхцөлөөр ашиглах нөхцөл байдал үүсэж байгаад хариулт өгөх ёстой.

Манай улсад өнгөрсөн оны байдлаар хэвлэл мэдээллийн 486 хэрэгсэл байгаагаас 64 сонин, 46 сэтгүүл, 50 радио, 135 телевиз, мэдээллийн 191 сайт ажиллаж байна. Энэ оны эхний байдлаар 1882 сан, 670 шашны байгууллага, 28964 холбоо бүртгэгдсэн нь үйл ажиллагаа явуулдаг нь харьцангуй бага аж.

Түүнчлэн, улсын хэмжээнд 2000-2023 онд 736 жагсаал цуглаан зохион байгуулсны 649 нь Улаанбаатар хотод 87 нь орон нутагт болжээ. 




Өнөөдөр хонь өдөр

44 минутын өмнө