"Эрдэм транс" ХХК-ийн жолооч нар автобусны гаралтыг нэмэгдүүлэхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна

"Эрдэм транс" ХХК-ийн жолооч нар автобусны гаралтыг нэмэгдүүлэхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна

"Эрдэм транс" ХХК-ийн ажилтнуудын эсэргүүцэл үргэлжилсээр байна. Тодруулбал, тус байгууллага нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд автобус нэмж явуулах хүсэлтийг Нийслэлийн тээврийн газарт өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. 

Энэ талаар тус компанийн захирал Ө.Очироо"  Манай компани 230 гаруй тээврийн хэрэгсэлтэй. Ажлын өдөр 21 чиглэлд, амралтын өдөр 20 чиглэлд 116 гаралтаар зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Нөөц тээврийн хэрэгсэл, жолооч хангалттай байгаа бөгөөд хүйтний эрч эрс чангарсан үеэр зорчигчдын хүлээлт ихсэх, бөөгнөрөл нэмэгдэж байсан учир гаралтийг нэмэгдүүлэхээр Нийтийн тээврийн газарт хандсан ч одоог хүртэл хариу өгөхгүй байна" гэсэн юм. 

Одоогоор тус компанийн грашт 50-60 автобус, жолооч сул зогсож буй бөгөөд тэд ажилд гаргахыг Нийслэлийн нийтийн тээврийн газраас шаардсаар байна. Тус компанийн жолооч нар автобусандаа "Салбарын дарга шударга бай. Өвлийн хүйтэнд автобусны тоо нэмүүлдэггүй салбарын дарга огцор. Түгжрэлийн сайд өөрөө ажлаа хий" зэрэг бичиг бүхий лоозонг байршуулан үйлчилгээ үзүүлж буй аж. Тэдний тодотгосон салбарын дарга нь Нийслэлийн нийтийн тээврийн дарга аж.