ШУУРХАЙ: Багш, ажилчдын жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ШУУРХАЙ: Багш, ажилчдын жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Боловсролын салбарын багш, ажилчид цалин хөлсөө Хамтын хэлэлцээрт заасны дагуу 30-50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж өдөр бүр 09:00-12:00 цагт Сүхбаатарын талбайд энэ долоо хоногийг дуустал жагсахаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл жагсаалд оролцогчид гурван гол шаардлагыг тавьж байгаа аж. Үүнд:

  • Багш, ажилчдын бодит орлогыг тогтоож, цалин хөлсийг нэмэгдүүлэх
  • Хөдөлмөрийн шударга үнэлэмжийг тогтоох
  • Дээр дурдсан Хамтын хэлэлцээрийн биелэлтийг шаардаж байгаа юм байна.

Мөн Монгол Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газарт цалин хөлсний урт хугацааны бодлогыг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний дотор гаргах, төсвийн тодотгол хийж цалинг 30-50 хувь нэмэгдүүлэх, ирэх 2024 оны улсын төсөвт багш ажилтнуудын цалинг хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээнээс хоёр дахин нэмэгдүүлж 3.000.000, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880.000 төгрөгт хүргэх санал шаардлагыг хүргүүлжээ.

Тэгвэл өчигдөр /2023.04.19/ МҮЭСТО-нд Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалантай Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны 300 гаруй багш, ажилчид уулзалт хийж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн тодотгол хийх шаардлагатайг онцолсон байна. Харин багш ажилчдын зүгээс дээр дурдсан шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид жагсаал цуглаанаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал