Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон талаар өчигдөр НПГ-аас мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ах минь амь сэрүүн байсан бол өнөөдөр 61 нас хүрэх байлаа. Ахынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр ахын минь төрсөн өдөр болов ч энэ хэргийн талаар л яригддаг. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг миний хувьд зөв гэж бодож байгаа. Анх 2016 онд энэ хэргийг шүүх рүү явах үед хэргийн материалтай анх танилцаж байсан. Анхан шатны шүүх нь 12 сард болж байлаа. Тэр үед огт итгэл үнэмшилгүй байсан ч бүх хэрэг төрийн нууцад хамаарч байсан бөгөөд шүүх хуралдаан хаалттай болж байсан учраас гэр бүлийнх нь зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлсэн ч төрийн нууцад хамаарч байсан тул яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. Тухайн үед нууцаас гаргахыг шаардаж байсан ч харамсалтай нь энэ хэрэг гурван шатны шүүхээр батлагдаад хүмүүс шоронд орсныг хэлмэгдсэн гэж үздэг.
Юуны түрүүнд энэхүү хэргийг Засгийн газраас нууцаас гаргах тогтоол гаргасан ч прокурорын шатанд бүтэн хэрэгжээгүй. Энийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд С.Зориг агсны үхлийн хэргийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Захиалагч, гүйцэтгэгчдийг олохгүй юм аа гэхэд хэн нэгнийг бүү хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байсан. Хэрэг гараад 25 жил боллоо мэдээж гэр бүл нь насан туршдаа гомдолтой байна. Энэ хэрэг илрэхгүй үлдэж болохгүй. Ямартай ч хэргийн төлөө тууштай явж буй Л.Оюун-Эрдэнэ сайд, Х.Нямбаатар, Ц.Нямдорж нарт баярладаг" гэлээ.
Зориг агсаны дүү С.Оюун: Би Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдэж шоронд орсон гэж боддог. Хэрэгсэхгүй болгосон нь зөв…
— Bruno (@lhaganaa) April 20, 2023
Анх хэргийн материалтай 2016 онд танилцаж байхад л итгэл үнэмшил төрөхгүй байсан учраас манай гэр бүл шүүх хуралд ороогүй!!!
pic.twitter.com/kHmkz1P1tX