Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт ОХУ-аас түймэр орж иржээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт ОХУ-аас түймэр орж иржээ

Өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймагт ой хээрийн гурван түймэр гарлаа.

Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн Сүүл нуур гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Иймд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хоёр гуравдугаар заставын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн “Хашаатын цав” нүүрсний уурхайн ажилтнууд унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 22:40 цагт цурамд оруулжээ. Улмаар дөрөвдүгээр сарын 21-ний 00:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 25000 га талбай өртөж шатжээ.

Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн Хөх-Уул” гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр хээрийн гал түймэр 13:00 цагийн орчим хил давж орж ирсэн юм. Иймд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 04:21-ний өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 04:20 цагт бүрэн унтраажээ.

Түүнчлэн Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн Зүүн-Өлзийт гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулж, 18:45 цагт бүрэн унтраасан байна.

Хавар цагт ой хээрийн түймрийн гаралт өндөр байдаг тул дараах сэрэмжлүүлгийг ОБЕГ-аас хүргүүлээ. 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.

Хэрэв та ой хээрийн түймэрт өртөж болзошгүй аюулд байгаа бол:

  • Гэр бүлийнхэнтэйгээ түймрийн талаар ярилцаж хэрхэн түүнээс сэргийлэх болон түймэр гарсан тохиолдолд юу хийхээ төлөвлөөрэй
  • Галын машин танай гэрт хүрч очих хүртэлх замын тэмдэг болон гэрийн хаяг тодорхой, гаргагдахуйц, мөн харагдахуйц байршилд байгаа эсэхийг шалгах.
  • Гэрийнхээ бүх утсанд Онцгой байдлын албаны утасны дугаарыг сануулах. Ой хээрийн түймэр асар хурдан тархдаг тул 1 секундыг ч алдах хэрэггүй.
  • Аваарын 2 гарц гаргаж, түүгээрээ гарах дасгал сургуулилт хийх. Хэрэв үндсэн гарцаар гарч чадахгүй бол хоёрдогч гарцаар гарах хэрэгтэй. Гэрийнхээ гадна жижиг цөөрөм, худаг, усан сан, цорго байгуулах, цистерн-г ус хадгалах гэх зэргээр тодорхой хэмжээний усны нөөцтэй байх. Гэрт болон гэрийн гадаах байгууламжийн аль ч хэсэгт хүрэхүйц хангалттай урт хэмжээний ус цацах шаланктай байх. Гэрийнхээ 2 талд, гадаах байгууламжийнхаа ойролцоо, гэрээсээ хамгийн багадаа 15 метр зайд сайн чанарын хөлддөггүй, хүйтэнд тэсвэртэй усны хоолой суурилуулах шаардлагатай бөгөөд эдгээрийг гал унтраагчид ашиглаж болно.
  • Хүрз, сүх, гар хөрөө, хувин, тармуур зэрэг галын үед ашиглаж болохуйц багаж хэрэгслүүдтэй байх. Жижиг хэмжээний гал гарахад гал сөнөөгчид иртэл та өөрөө унтраах шаардлага гарч болзошгүй үед эдгээр багажуудыг ашиглах нь илүү үр дүнтэй байх болно.
  • Ой хээрийн түймрийн үед нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө гаргаж, гэрийнхээ гамшгийн төлөвлөгөөтэй уялдуулах.