Г.Нэргүй: Жолоочийн буруугаас болж хүүгээ алдаж, эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл буруутай этгээд тавин мянган төгрөгөөр л торгуулаад өнгөрлөө

Г.Нэргүй: Жолоочийн буруугаас болж хүүгээ алдаж, эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл буруутай этгээд тавин мянган төгрөгөөр л торгуулаад өнгөрлөө

Иргэн Г.Нэргүй "жолоочийн буруутай үйлдлээс болж үр хүүхдээ алдаж, эрүүл мэндээрээ хохирсон" талаараа Сүхбаатарын талбайд өнөөдөр /2023.04.21/ мэдээлэл хийлээ.  

Тэрбээр энэ үеэр"2022 оны нэгдүгээр сарын 23-нд Баянхонгор аймаг явахаар есөн настай хүүгийн хамт замын унаанд дайгдсан. Би эв эрүүл, сав саруул хүүгээ хөтлөөд машинд суусан. Гэтэл өнөөдөр бие махбод, эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхдээ алдчихаад байна. Ослын дараа тархи, нурууны гээд маш олон хагалгаанд орсон. Эсрэг урсгалын машины жолооч согтуу байсан нь осол гарахад нөлөөлсөн учраас тэр хүнд бүх гэм буруу нь оногдсон. Гэтэл миний сууж явсан машины жолооч н.Баярнэмэх гэх хүн хотоос гарахдаа л эхнэртэйгээ хэрэлдэж, уурлаж бухимсаны улмаас асар хурдтай явж байсан. Тэр хүний ч бас буруу. Намайг хүүгээ алдаад эмнэлэгт хүнд байхад над дээр огт ирээгүй. Нэг удаа ярихад "Намайг хэргээс мулталчих том хүн миний ард бий. Чи яаж ч чадахгүй" гэж хэлж байсан. Тухайн үед н.Баярнэмэх гэж хүн шүүх хуралд ч ирээгүй. Төв аймгийн шүүх хариуцлага тооцлоо гэсэн боловч тавин мянган төгрөгөөр л торгосон байсан. Хүнийг ийм болтол бэртээж, хүүгийн минь амь насыг хөнөөчхөөд тавьхан мянган төгрөг төлөөд өнгөрсөн. Тэр хүнд хариуцлага тооцуулмаар байна. Шүүх хурлын үед нутгийн минь жолооч гэж бодоод "Яахав би гомдолгүй. Харин миний хөл гарыг л бүрэн бүтэн болгож өгөөрэй" гэхэд "за" гэсэн мөртлөө гомдолгүй гэсэн бичгээ өгснөөс хойш надтай нэг ч удаа холбогдож, уулзаагүй.

Би сарын өмнө УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Ганбат, А.Адьяасүрэн нарт бичиг хүргүүлсэн. Миний бие ийм хүнд байна. Та бүхэн тус дэм болооч гэсэн ч хариу ирүүлээгүй. Гол нь тэр н.Баярнэмэх гэдэг хүнд хариуцлага тооцуулах хүсэлтэй байна" гэлээ.