НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа болон нэг цэргийн албан хаагч залуу Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан. Улмаар ГХЯ, БХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хамтран зэвсэгт мөргөлдөөн болсон аюултай бүсээс иргэдээ гаргахаар ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Энэ талаар бид холбогдох албаныханаас тодруулахад "С.Мойлтмаа болон энхийг сахиулагч залуу хоёрыг мөргөлдөөний халуун цэгээс гарч чадсан. Яг одоо хил рүү автобусаар явж байгаа. Нийт 900 гаруй км замыг туулж хил дээр очно. Өнөөдөр шөнө хил дээр очих болов уу гэсэн хүлээлт байна. С.Мойлтмоо нь өчигдөр мөргөлдөөний цэгээс гарахдаа гар утсаа дээрэмдүүлсэн учраас холбоо барихад хүндрэлтэй байна. С.Мойлтмаагийн хувьд хэл мэддэг мөн НҮБ-ын ажилтан. Тиймээс НҮБ ажилтнаа авахаар их сайн ажилласан " гэлээ.
Бид хоёр хоногийн өмнө НҮБ-ын мэргэжилтэн С.Мойлтмаатай холбогдож нөхцөл байдлыг тодруулахад,“Бид хоёр сайн бас амьд байгаа. Аюулгүй газарт өнөөдөр шилжих оролдлого хийж байна. Тиймээс нэлээд завгүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй байдалд байна. Гэхдээ энд цэрэг болон албаны хүн нэвтрэх боломжгүй бүс учир мэдээж хамгаалалтад явах боломжгүй нөхцөлд байна. Түүнчлэн бид хоорондоо огт уулзаагүй. Дайн болсны дараа бие биеэ энд байгааг ГХЯ-аар дамжуулан олж мэдсэн” гэсэн билээ.