Ховд аймаг нь хамгийн олон буюу 10 гаруй сумаа аймгийн төв, Улаанбаатар хот, Улсын хилтэй хатуу хучилттай авто замаар холбосон юм. Тус аймгийн цөөн тооны сум хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байгаагийн нэг нь Эрдэнэбүрэн сум юм.
Тухайн сумын төв нь аймгийн төвөөс 75 км, нийслэлээс 1552 км зайд оршдог бөгөөд 268.5 мянган га нутагтай, үүнээс 2431 га тариалангийн, 273 га хадлангийн талбайтай. Ирэх зун Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ гэж албаныхан мэдээлж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 МВт хүчин чадалтай байх бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.
Тус усан цахилгаан станцын төслтэй холбоотойгоор "Эрдэнэбүрэн сумын чиглэлд хатуу хучилттай авто зам барих асуудлыг шийдвэрлэж, энэ жил хатуу хучилттай авто замаар холбоно" гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.