"Шилэн" Цогоог "Шүүр" ажиллагааны хүрээнд шүүрдэх ёстой гэв

"Шилэн" Цогоог "Шүүр" ажиллагааны хүрээнд шүүрдэх ёстой гэв

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа мэдэгдэл хийж, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтгэрэлийг "Шүүр" ажиллагааны хүрээнд чөлөөлөх ёстой гэж мэдэгдлээ. 

Энэ талаар тэрбээр “Б.Цогтгэрэл гэдэг хүн төмөр замтай ямар ч хамааралгүй. Өмнө нь Зам тээврийн дэд сайд байхдаа "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны Монголын талын орлогч даргаар ажиллаж байсан. Үе, үеийн Зам тээврийн дэд сайд нар энэ албыг хашдаг. Одоо энэ хүн төмөр замд хамааралгүй. Гэтэл асуудал шийдүүлэхээр төмөр замд хамааралгүй хүнийг оруулаад ирсэн. Энэ хүн яагаад ийшээ зүүгдээд байна вэ гэхээр ард нь ашиг сонирхол байна. Ямар ашиг сонирхол байна вэ, энийг шийдэж өг, чөлөөлж өгөөч гээд Засгийн газар болоод Зам тээврийн хөгжлийн яаманд олон удаа асуудлыг тавьсан ч шийдэж өгөхгүй өнөөдрийг хүргэлээ” гэв.

Тус холбооны зүгээс энэ асуудлаар Ерөнхий сайдад хандсан ч мөн хариу ирүүлээгүй өнөөдрийг хүргэжээ.