Чингэлтэй дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг танилцууллаа

Чингэлтэй дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг танилцууллаа

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” зохион байгуулагдсан.

Тус форумын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 14, 18 дугаар хороодод хэрэгжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийн талаар танилцуулсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн энэхүү төсөл 214 га талбайд хийгдэхээр төлөвлөгджээ.

Газрын онцлогоос шалтгаалан нам түвшний газарт өндөр барилга байгууламж, өндөрлөг газарт нам эко барилга байхаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжих 214 га талбайд одоогоор 4600 гаруй айл өрх амьдарч байна. Төлөвлөлтөд тусгагдсан орон сууцанд 4700 өрх амьдрах, нийт талбайн 97.2 га буюу нийт талбайн 40 гаруй хувьд ногоон байгууламж байх юм.

Мөн тус хэсэг нь бие даасан инженерийн байгууламж буюу Сэлбэ дэд төвийг түшиглэн хийгдэнэ. Төсөл хэрэгжих байршил нь төв зам дагуу, нийтийн тээврийн зогсоолд ойр, нийгмийн дэд бүтцийн хүртээмж сайн, зам дагуу худалдаа, үйлчилгээг дагасан хүн амын эрчим өндөр зэрэг олон давуу талтай. Дулаанаас бусад инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдаж буйгаараа онцлог. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хойд бүсийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдэх чухал ач холбогдолтой.

Энэ хэсэгт нийт 168 мянга орчим оршин суугчдын төвлөрөл бий. Энэ нь цаашлаад Улаанбаатар хотын хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, олон төвт хотыг бий болгох чухал ач холбогдолтойг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцолсон юм.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө