ҮЭХ болон ажилчин, албан хаагчид тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт шаардах бичиг хүргүүллээ

ҮЭХ болон ажилчин, албан хаагчид тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт шаардах бичиг хүргүүллээ

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон ажилчин, албан хаагчид тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт шаардах бичиг хүргүүллээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Манай улс Ази номхон далайн бүс нутгийн хамгийн бага цалинтай таван орны нэгээр нэрлэгддэг. Амьдрах өртөг нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудтай ижил боловч авч буй цалин нь бараг 20 дахин бага байгаа тул боловсролын салбар, эрүүл мэндийн салбарын ажилчид ажил хаяалт зарлахаар төлөвлөөд байгаа юм. Ийм үйл явдал болгомооргүй байгаа тул хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бид өнөөдөр жагсаж дараах санал шаардлагуудыг Засгийн газарт хүргүүлж байна. Үүнд:

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай нэмэгдүүлэх
  • Авлигал албан тушаалын хэргүүдэд хатуу хариуцлага тооцох
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийг шинэчлэх
  • Чанартай ажлын байр бий болгох
  • Үнийн өсөлтийг бууруулах
  • Ажлын байрны дарамт шахалтыг багасгах зэрэг болно.

Засгийн газраас бүхий л боломжоо ашиглан дээрх шаардлагыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Жагсаалд оролцсон иргэдийн зүгээс "Цалин хөлс хаанаа ч хүрэхгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Эх орондоо ажилламаар байгаа ч ямар ч боломж алга. Өдөр ирэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж сарын цалингаасаа давсан өр зээлтэй байна" хэмээлээ.

Т.Бямбажаргал