Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд өчигдөр /2023.05.08/ таван ханатай гэр бүрэн шатсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны “Хувьсгалчид”-ын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 08-ны өдрийн 12:01 цагт Онцгой байдлын Ерөнхий газар хүлээн авсан байна. Тус дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр бүрэн, 8х10 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын хэсэг хайрагдаж, иргэн М-ын 5 ханатай гэр, хураалттай банз 3 м3, 5 метр орчим урт хашаа шатаж байсныг 20 минут орчим ажиллаж унтраажээ.
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ахуйн хүрээний гал түймрийн дуудлага ихсэж байгаа тул гэр, орон сууцныхаа Галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.
Т.Бямбажаргал