Орон сууцны орцны шат цөмөрч хүн даруулсан тохиолдол Дархан-Уул аймагт гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны дөрөвдүгээр орцны нэгдүгээр давхарт шатны марш доош цөмөрч нэг хүн дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу очиход тус байрны оршин суугч 34 настай эмэгтэй Т нь гэрээсээ гарч явахад шатны марш цөмөрч барилгын хийцэд дарагдсан байсныг Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Шинэшагай, дэд ахлагч Б.Даваажаргал нар гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
Тухайн иргэний биеийн байдал хэвийн, бүсэлхий, хөл хэсгээрээ хөнгөн зулгарсан байдалтай байна гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар тус байрны зоорийн давхарт алдагдсан ус, чийгний улмаас шатны бэхэлгээний хэсэг чанар байдлаа алдаж шатны хэсэг нурсан байж болзошгүй байгаа юм. Нуралтын үед тус байрны бохирын хуванцар хоолойд гэмтэл гарсныг засварлаж, тухайн орцонд төмөр хийцийн түр шат буюу тавцанг хийжээ.