Барилга дээрээс унаж гэмтсэн иргэний хэрэг удааширч байгаа нь Ж.Раднаасэд гишүүнтэй холбоотой байж болзошгүй гэв

Барилга дээрээс унаж гэмтсэн иргэний хэрэг удааширч байгаа нь Ж.Раднаасэд гишүүнтэй холбоотой байж болзошгүй гэв

Хан-Уул дүүрэгт байрлах "Хатан хишиг үндэс" ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 16 давхраас унаж хүнд гэмтжээ. Уг хэргийг хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар хохирогчийн эгч н.Оюунбадам мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Манай дүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Хатан хишиг үндэс" ХХК-ийн барьж буй 16 давхар барилгын агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж тархиндаа хүнд гэмтэл авсан. ГССҮТ-д хагалгаанд орж, одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа иргэдийг даатгуулах ёстой байдаг боловч энэ байгууллагаас ажилчиддаа ямар ч даатгал хийлгээгүй. Би тус байгууллагаас яагаад даатгал хийлгээгүй талаар асуухад "мартсан байна" гэх хариуг өгч байсан. Нэг ажилтан нь гэмтэж бэртээд хэрэг нь бүрэн шийдэгдээгүй байхад одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа. Хэрэг одоогоор Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаад явж байна.

Тухайн компани аюулгүй ажиллагааныхаа дүрмийг баримтлаад ажилласан бол өнөөдөр ийм үйл явдал болохгүй байсан юм. "Хатан хишиг үндэс" компаниас тусламж гуйхаар бараг би өөрөө хэрэгтэн болчих гээд байгаа. Намайг шүүхэд өгнө гэсэн. Хэрэг удаашралтай байгаа шалтгааныг тодруулан судалж үзэхэд уг компани нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн харьяа бүхий компани гэсэн мэдээлэл олдсон. Энгийн иргэд үнэн мөнийг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандаад ч ямар ч нэмэр алга" хэмээн ярилаа.

Т.Бямбажаргал