Буянт Ухаа дахь хуучин нисэх буудлын талбайд сургалтын нисдэг тэрэг унасан хэрэг өнөөдөр /2023.05.10/ гарсан талаар бид мэдээлсэн.Тэгвэл энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ОБЕГ-ын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын 2 хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан. Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг. Тухайн үед сурагч нисгэгч ганцаараа ниссэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан. Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн газар, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас бүрдсэн ажлын хэсэг техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэв.