Хан-Уул дүүрэгт тохижилт, ногоон байгууламжийн 11 ажил хийнэ

Хан-Уул дүүрэгт тохижилт, ногоон байгууламжийн 11 ажил хийнэ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд тус дүүрэгт хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл хийв.

Тус дүүргийн хувьд энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд 360 гэрэлтүүлэг, Нисэхийн бүсэд 220 камер суурилуулна. Түүнчлэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн бөгөөд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихаар санаархаж байгаа компаниудыг танилцуулав.

Хотын дарга нийслэлээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, тус компаниудад хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тус дүүргийн 17, 23, 24-р хороонд улсын сургууль, цэцэрлэг байдаггүй. Иймээс дүүргийн удирдлагууд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдвэрлэхийг хүслээ. Хотын дарга төсөвт суулгахаар судалж, танилцуулахыг үүрэг болгов.